Хөлбөмбөгийн шигшээ багийг 4 орны мэргэжилтэн дасгалжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-21 12:34:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсад бэлтгэл хийж байгаа Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг 4 орны мэргэжилтэн багш нар дасгалжуулж байна.


Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд шинэ арга барил, өнгө төрхийг нэмэхээр хоёр ч гадаад дасгалжуулагч нэгджээ. Тэдний нэг нь Монголын хөлбөмбөг сонирхогчдын эчнээ танил, Эрчим, Дэрэн, Андууд Сити клубүүдэд ажиллаж байсан туршлагатай дасгалжуулагч Войеслав Бралушич юм. Түүний хувьд, одоо Андууд Сити клубийг удирдан ажиллаж байгаа бөгөөд Үндэсний шигшээ багт дасгалжуулагч Майкл Вайссыг дэмжин ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудад баг тамирчдыг бэлтгэж эхэлжээ.


Хаалгач Б.Ариунболд, Э.Мөнх-Эрдэнэ, А.Сайханчулуун нарыг Унгар улсад хийх бэлтгэлээс эхлэн Польш гаралтай Германы мэргэжилтэн Лукас Войчак дасгалжуулж талбайд гарахад бэлэн байлгахаар ажиллаж байгаа аж.


Герман, Польш, Серб, Монголын мэргэжилтнүүд манай залуусыг бие болоод сэтгэл санааны хувьд ирэх тоглолтуудад өөрийгөө 100 хувь дайчлан тоглоход нь туслахаар нэгдээд байна. Ийнхүү үндэсний шигшээ баг Унгарт 10 хоногийн турш хамтарсан бэлтгэл хийж байна.


Дашрамд дуулгахад, тэд Унгарт “Пушкаш” академийн багаас гадна Унгарын 2 болон 3 дугаар дивизионы клубтэй нөхөрсөг тоглолт хийх юм. Багийн бүрэлдэхүүнд нийт 23 тоглогч багтсан бөгөөд бэртлийн улмаас Брунейн эсрэг тоглолтуудад оролцоогүй Эрчим клубийн М.Төгөлдөр, Г.Төгөлдөр нараас гадна энэ улиралд сайн тоглож байгаа О.Мижиддорж, Ц.Энхтөр нар дуудагджээ.


ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд болох гэж байгаа учраас “Мазала дээд лиг” болон “Холбооны цом” тэмцээнүүд 9-р сарын 14 хүртэл завсарлаад байна.


Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн: Ахлах дасгалжуулагч: Майкл Вайсс (Герман), туслах дасгалжуулагч: Воеислав Бралушич (Серби), туслах дасгалжуулагч: З.Баттулга, Багийн менежер: Ч.Энхбат


Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), Б.Ариунболд (Эрчим), А.Сайханчулуун (Улаанбаатар)

Хамгаалагч: О.Мөнх-Оргил (Дэрэн), Д.Төрбат (Атлетик 220), А.Дөлгөөн (Дэрэн), Г.Билгүүн (Эрчим), Б.Даваажав (Эрчим), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Г.Төгөлдөр (Эрчим)


Хагас хамгаалагч: А.Нармандах (Улаанбаатар Сити), Ж.Сүндорж (Хангарьд), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), С.Ганхуяг (Хангарьд), Б.Балжинням (Улаанбаатар), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), Г.Ганбаяр (Пушкаш академи), М.Төгөлдөр (Эрчим), М.Жансерик (Дэрэн)


Довтлогч: Э.Мөнгөнбагана (Андууд Сити), Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Андууд Сити), О.Мижиддорж (Улаанбаатар Сити), Ц.Энхтөр (Эрчим)

Холбоотой мэдээ