Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дэлхийн дэвжээнд дасгалжуулах эрх сэргээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-08-21 09:40:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нарт Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/ДБНХ/-ноос дэлхийн дэвжээнд дасгалжуулах эрхийг хассан шийдвэрийн хугацаа өчигдөр буюу 2019.08.20-нд дуусаж, дэлхийн дэвжээнд дахин гарах эрхтэй болов.


Одоогоос гурван жилийн өмнө Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр манай бөх Г.Мандахнаран /65 кг-д/ олимпын медалиас атгаад алдсан барилдаан болсон.


Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахаас хэдхэн секундын өмнө, ялчихлаа хэмээн баярлан гүйж, дасгалжуулагчид нь ч далбаагаа гарган бэлтгээд байх агшинд шүүгчид цаг барьж, зугтсан хэмээн үзэж нэг оноогоор торгосон. Ийнхүү сүүлийн оноогоор Узбекстаны И.Наврузов ялалт авч, олимпын хүрэл медаль хүртсэн юм. Манай хоёр дасгалжуулагч хэдийгээр чалленж шидсэн ч шүүгчид хүлээж аваагүй. Улмаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн нь 2016 оны “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-ын нэг болж байсан билээ.


Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган  фунт стерлингээр торгож, манай хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019.08.20 хүртэл хассан шийдвэр гаргасан юм.


Тэр үед АНУ-ын “USA Today” сонины сэтгүүлч Нэйт Скотт, Монголын дасгалжуулагчаас энэ тухай асуухад “Шүүлт булхайтай болсон. Гурван сая монголчууд хүрэл медаль хүлээж байсан ч медальгүй хоцорлоо. Тухайн үед ордонд үзэгчид “Монгол, Монгол” хэмээн хашхирч тэнд байсан чөлөөт бөхийн үзэгчид 100 хувь бидний талд дэмжсэн” хэмээн хариулсан байдаг. 

Холбоотой мэдээ