Нуурын хөвөөнд стандартын шаардлага хангасан хогийн сав байршуулжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-08-21 12:56:49

Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас Увс нуурын ойр орчимд хог хаягдал орхихгүй байх талаарх уриалга сурталчилгааны ажлыг жил бүрийн зун хийж ирсэн байна. Энэ жилийн тухайд “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд 300 ширхэг гарын авлага материал гаргаж Увс нуурын ДЦГ-ын нэвтрэх хэсгээр орж байгаа иргэдэд тарааж ухуулга сурталчилгааны ажил хийжээ.

Мөн нуурын хөвөөн дэх усанд ордог хэсэгт стандартын шаардлага хангасан 1,5 м урт, өргөнтэй, 1,6 м өндөртэй дөрвөн ширхэг хогийн сав хийж байршуулсан байна. Үүний зэрэгцээ хуучин байсан дөрвөн ширхэг нүхэн жорлонг буулгаж, нүхнүүдийг нь булж тэгшлэх ажил хийсэн аж.

Увс нуур жуулчны баазаас нуурын хөвөө хүртэл зам дагуух хог хаягдал болон нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний ажлыг шат дараатай зохион байгуулсан байна. Тэрчлэн энэ жил шинээр барьсан ариун цэврийн байгууламжийн бохирыг гурван удаа соруулахад нийтдээ 9 тонн бохир сорогдсон байна. Тухайн хэсгийн хогийн саванд цугларсан хогийг өнгөрсөн 7-р сараас хойш долоон удаа ачуулсан ба нэг удаадаа 10.25 м³ хог ачиж, нийтдээ 71.75 м³ хогийг төвлөрсөн хогийн цэгт буулгаад байна.

 

 

Холбоотой мэдээ