Олон улсын гэрэл зурагчид Аварга тосон нуур орчмын хог цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-08-19 16:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй дэлхийн гэрэл зургийн өдрийг тохиолдуулан Монгол Улсад ажиллаж буй олон улсын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Аварга тосон нуур орчмын хогийг цэвэрлэлээ.

 

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, НЗДТГ-ын дэмжлэгтэй “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн хөтөлбөрт Монголын шилдэг гэрэл зурагчдаас гадна МОНЦАМЭ агентлагийн урилгаар ОХУ-ын РИА Новости, ТАСС, БНХАУ-ын Синьхуа, Японы Кобе ньюс, Кобешинбун, БНТУ-ын Анадолу, БНСУ-ын Ёнхап зэрэг хамтын ажиллагаатай агентлагийн гэрэл зургийн 20 сурвалжлагч оролцож байна. Тэд Улаанбаатар хот, Төв, түүнчлэн Халх голын дайны 80 жилийн ойг тохиолдуулан Дорнод, Халх гол, Буйр нуур, Хэнтий аймагт ажиллаж Монгол оронтой холбоотой гэрэл зургаар архиваа баяжуулах юм. 

Мөн “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийн оролцогчдын тайлан үзэсгэлэнг энэ сарын 21-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

Уг хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орон, нийслэл хотын өнгө төрхийг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн агентлагийн архив дахь Монголын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд чиглэжээ.



Холбоотой мэдээ