Баруун-Урт суманд тохижилт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-19 13:03:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ-аас иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна. Энэ жил Орон нутаг хөгжүүлэх сангийн 2018, 2019 оны санхүүжилтийн 1,4 тэрбум төгрөгийг уг ажилд зарцуулж 20 орчим тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлээд байгаа юм.


Нийтийн орон сууцнуудын гаднах бетон зам талбайн засвар, тохижилт, хоёр багт хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулах, цахилгааны шугамын шинэчлэл, гэр хорооллын гэрэлтүүлэг, засвар үйлчилгээ, гэр хорооллын хог зөөврийн менежментийг сайжруулах ажлыг тендерт шалгарсан компаниуд гүйцэтгэж байна.

Мөн ангилан ялгах хогийн сав хийх, нийтийн эзэмшлийн талбайн хөшөө дурсгалын тохижилт, төрийн үйлчилгээний нэг цэгийн төвийн засвар тохижилт, гүн өрмийн  худаг гаргах зэрэг ажлыг өрнөж буй.

Наймдугаар сарын байдлаар ихэнх ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай байгаа бөгөөд эхэлсэн ажлыг  ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ