"Мотоцикл" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-08-15 10:54:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2019 онд мотоциклтой холбоотой зам тээврийн осол 13 бүртгэгджээ.

Энэ төрлийн ослыг бууруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Мотоцикл" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд замын цагдаагийн тасгийн алба хаагчид мотоцикл болон мопедын жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлаа хангах талаар мэдээлэл өглөө. Учир нь эдгээр жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ биелүүлдэггүй, хамгаалах малгай өмсөж хэвшээгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолооддог, бичиг баримтаа бүрдүүлдэггү зэрэг нийтлэг зөрчлүүдийг гаргадаг байна.

Зөвхөн Баруун-Урт суманд өдөрт 100 орчим мотоцикл замын хөдөлгөөнд оролцдог. Зарим нь хүн тээвэрлэх үйлчилгээг  үзүүлдэг. Гэтэл жолооч нар өөрийнхөө болон зорчигчийнхоо аюулгүй байдлыг хангах тал дээр хойрго ханддаг аж. Хэдийгээр цагдаагийн алба хаагчид зохих шаардлагыг толгтмол тавьдаг ч үүнийг дагаж мөрдөн хэвшил болгох нь тун цөөхөн байна.

Жишээ нь хамгаалах малгай өмсдөггүй. Хөдөө суманд болоод малынхаа бэлчээрт малаа хариулж яваа иргэдэд энэ зөрчил бүр түлхүү ажиглагддаг. Хамгаалах малгай өмсөөгүйн улмаас осолдож, амь насаа алдсан тохиолдол бий гэдгийг Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, ахлах дэслэгч Н.Ариунболд хэлэв.

Авто машин, мотоциклын жолооч төдийгүй явган зорчигч замын хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд өөрсдийн аюулгүй байдлаа хангаж, замын хөдөлгөөний дүрмээ цаг ямагт  мөрдөх учиртайг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ