Авто ослоос болж хохирсон охинд туслах хандив үргэлжилж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-08-14 15:09:30

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Цоггэрэл овогтой Батцэцэг охинд туслах аян өрнөж байна. 

Тэрээр зургаан жилийн өмнө авто осолд өртөж машинд мөргүүлсний улмаас нугас мэдрэлийн гэмтэл авч одоо хэвтэрт байгаа юм. Өвчний онош Монголд эмчлэгдэх боломжгүй тул Энэтхэгт эмчлүүлэх эмчилгээний зардал 50 сая төгрөг болоод байгаа  аж.

"Энержи ресурс" ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ц.Батцэцэг охины ээж Ө.Отгонжаргалд "Энержи ресурс" ХХК-ийн Орон нутаг хариуцсан захирал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Баярбилэг 10,000$ гардуулав. Мөн нутгийн иргэд болон монголын өнцөг булан бүрээс түүнд сэтгэлийн дэм илгээж мөнгө хандив цугларсаар байна. 

Ц.Батцэцэг 2001 оны зургадугаар сарын 01-нд  Цогтцэций суманд төрж, 2018 онд 12 дугааар ангиа төгссөн. Тухайн үед гэмтлийн ул мөр биед нь нөлөө үзүүлэхгүй байсан хэдий ч жилээс жилд гэмтэл даамжирсаар суугаа болж, удалгүй хэвтэрт орж, хоёр нүд нь хараагүй болсон.

Ид хийж бүтээх сурч мэдэх насан дээрээ ийнхүү жолоочийн санамсаргүй, буруутай  буруутай үйлдлээс болж хохироод байгаа юм.