“Korea Kolmar” компанийн тэргүүн огцорно

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-08-12 13:19:48

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Korea Kolmar” компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх уриалга газар авсантай холбогдуулан тус компанийн тэргүүн өнгөрсөн ням гарагт огцрох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Korea Kolmar” компанийн тэргүүн Ён Дун Ханыг Японы байр суурийг дэмжигч хэмээн олон нийт үзэж байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт цацагдсан нэгэн богино хэмжээний дүрс бичлэгийн үеэр Ён Дун Хан хэлэхдээ, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нүүрэн дундуур цохиж аваагүйг сайшаасан ажээ.


“Ийм зүйл болсонд би үнэхээр их харамсаж байгаа бөгөөд цаашид компанийн бүх үйл ажиллагаанд оролцохгүй” гэж Ён Дун Хан “Korea Kolmar” компанийн Сөүл хот дахь төв байранд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


Өнгөрсөн сард Токиогийн засаг захиргаа хагас дамжуулагч болон дэлгэц үйлдвэрлэлд ашигладаг гурван чухал материалд экспортын хязгаарлалт тавьж эхэлсэн бөгөөд энэхүү шийдвэр нь БНСУ-ын экспортыг бууруулах зорилготой гэж зарим ажиглагч үзэж байгаа аж. Тухайн үеэс хойш Японы бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг БНСУ-ын иргэд орон даяар уриалж байгаа ажээ.


Korea Kolmar” компани өнгөрсөн баасан гарагт олон нийтээс уучлал хүсээд, уг дүрс бичлэг нь Японы шийдвэрт сэтгэл хөдлөлөөр хандахын оронд тайван байхыг уриалах зорилготой байсан гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч энэхүү мэдэгдэл олон нийтийн дургүйцлийг намжаахад тийм ч их хувь нэмэр оруулаагүй тул компанийн тэргүүн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, огцрох тухайгаа мэдэгдэхэд хүрчээ. 

Холбоотой мэдээ