Кубад суралцах Монгол оюутнуудад тэтгэлэг гардууллаа

Монголын мэдээ | Боловсрол
munkhbaatar@montsame.mn
2019-08-10 13:47:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Куба Улсаас Монгол Улсад жил тутам олгодог Кубын их, дээд сургуульд суралцах 3 тэтгэлэгт сонгон шалгарсан гурван оюутантай тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсион уулзаж, тэтгэлгийг  гардууллаа.



Тэтгэлэг гардуулах үеэрээ тэрбээр, Карибын тэнгисийн Куба Улс нь дэлхийн олон орны залуу оюутныг сургаж буйг дурдлаа. Куба Улсаас өөрийн боломжид тулгуурлан олгодог ч өндөр ач холбогдол бүхий энэхүү тэтгэлэг нь Монголын болон хөгжиж буй орнуудын хүний нөөцийн хөгжилд шууд хувь нэмрээ оруулдаг юм. Энэ нь их удирдагч Фидел Кастро Рузын хүч хөдөлмөрөөр бий болгосон эв санааны нэгдлийн залгамж мөн хэмээн онцолсон юм. 



Кубын Хувьсгалын нэгэн жарны замналд Монголын 160 гаруй оюутнууд анагаах ухаан, шүдний өвчин судлал, инженер, эм зүй, биеийн тамир гэх мэт мэргэжлээр суралцан төгссөн түүхтэй. Энэ удаагийн 3 тэтгэлгийн 2 нь Анагаах ухаанаар суралцах бол үлдсэн 1 нь Биохимийн мэргэжлээр суралцах аж.

Холбоотой мэдээ