Тэрбумтнууд нэг өдрийн дотор 117 тэрбум ам.доллар алджээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-08-07 10:11:47

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Санхүүгийн зах зээл унасны улмаас дэлхийн хамгийн баян хүмүүс хэдэн зуун тэрбум  ам.доллар алдсан тухай "Bloomberg" агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, манай гарагийн хамгийн баян 500 бизнес эрхлэгчийн нийт хөрөнгийн хэмжээ 117 тэрбум ам.доллароор буурчээ. Тухайлбал, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос 3.5 тэрбум ам.доллар, “Louis Vuitton Moеt Hennessy” компанийн захирал Бернар Арно 4 тэрбум ам.доллар, харин “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 2.7 тэрбум ам.доллароо алдсан байна.


"Bloomberg"-ийн шинжээчид зах зээлийн уналтыг БНХАУ болон АНУ-ын худалдааны маргаан хурцадсантай холбон тайлбарлаж байна. Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ. Үүнээс хэд хоногийн дараа БНХАУ-ын Ардын банк юанийн ам.доллартой харьцах ханшийг өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүргэж бууруулсан юм. Хариуд нь АНУ-ын Сангийн яам Хятад улсыг валютын манипуляц хийгч /ханшийг зохиомлоор өсгөж, бууруулах/ орнуудын тоонд оруулсан. Түүнчлэн Дэлхийн худалдааны байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн билээ.


Харин Хятадын эрх баригчид мэдэгдэхдээ, юанийг худалдааны маргааны хэрэгсэл болгох төлөвлөгөөгүй бөгөөд ханшийн хэлбэлзэл нь гадаад хүчин зүйлүүдтэй холбоотой гэжээ.


 


Холбоотой мэдээ