Хятадын биржүүдийн гол индексүүд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-06 13:56:18

ШАНХАЙ. /RIA Novosti/. Мягмар гарагийн өглөөний завсрын арилжаа дуусах үед БНХАУ-ын гол индексүүд мэдэгдэхүйц унасныг Шанхай болон Шэньжэний биржийн цахим хуудаст гарсан статистик мэдээ харуулсан байна. 


Шанхайн хөрөнгийн биржийн байдлыг харуулдаг “SSE Composite” индекс 2.43 хувиар буурч, 2752.89 пункт болсон байна. Харин Шэньжэний худалдааны талбар дахь бизнесийн үйл ажиллагааны байдлын гол илэрхийлэгч болох “SZSE Component Index” 8746.68 пунктэд хүрч, 2.65 хувиар буурчээ.


Ханшийн уналт мөн АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр ажиглагдаж байгаа юм. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжааны явцад Америкийн аж үйлдвэрлэлийн индекс болох “Dow Jones” 767.27 пунктээр /2.90 хувь/ унасан байна.


БНХАУ, АНУ-ын худалдааны хэлэлцээний эргэн тойронд үүссэн нөхцөл байдал зах зээлийн байдалд сөргөөр нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байна. Долдугаар сарын 30-31-нд Шанхай хотод болсон 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцээг есдүгээр сард АНУ-д үргэлжлүүлэхээр тохиролцсоноос өөр тодорхой үр дүнд хүрээгүй юм. Талууд энэ удаагийн хэлэлцээг үр дүнтэй болсон гэж мэдэгдсэн хэдий ч есдүгээр сарын 1-нээс Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ.


Харин БНХАУ-ын эрх баригчид хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд тус улс АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахаа түр зогсоож, ногдуулсан татвараа нэмэгдүүлж магадгүй гэх мэдээ наймдугаар сарын 5-нд гарсан юм.


Хятад-Америкийн худалдааны дайн улам даамжирч буй энэ үед юанийн ам.доллартой харьцах ханш эрс суларсан байна. Хятад улс татварын улмаас учирсан худалдааны алдагдлыг багасгахын тулд юанийн ханшийг сулруулсан гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа аж.


Холбоотой мэдээ