Идлиб мужид гал зогсоох тохиролцоонд хүрснийг НҮБ сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-03 11:42:07

НҮБ. /AP/. Сири улсын эрх баригчид болон сөрөг хүчний хооронд тус улсын баруун хойд нутагт орших Идлиб мужид гал зогсоох хэлэлцээр байгуулсныг НҮБ сайшаажээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.


“Сирийн баруун хойд нутагт гал зогсоохоор болсон тухай мэдэгдлийг бид сайшаан дэмжиж байна. Манай байгууллагын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газарт ирсэн мэдээллээр, баасан гарагийн шөнө дундаас хойш агаарын нэг ч цохилт бүртгэгдээгүй боловч Хама мужийн хойд хэсэгт их буугаар гал нээсэн гэсэн мэдээлэл бий” гэж тэрбээр мэдэгджээ.


“Энгийн иргэдийн болон дэд бүтцийн объектуудын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлэхийг НҮБ мөргөлдөөнд оролцогч талуудад сануулж байна” гэж Дюжаррик нэмж хэлсэн байна.


Сочигийн тохиролцоог биелүүлсэн нөхцөлд Идлибэд гал зогсоохыг Сирийн Засгийн газар зөвшөөрсөн тухай тус улсын телевиз пүрэв гарагт мэдэгджээ. Босогчид цэрэггүй бүсээс 20 км зайгаар ухрах бөгөөд мөн уг бүсээс хүнд их буунуудыг гаргахаар болсон байна. Баасан гарагт Нур-Султунд болсон хэлэлцээний үеэр Идлиб мужид түр эвлэрэхийг Сирийн сөрөг хүчин зөвшөөрсөн гэж Казахстан улсын Гадаад хэргийн яамны Ази, Африкийн хэрэг эрхэлсэн газрын дарга Ержан Мукаж мэдээлжээ.


Холбоотой мэдээ