Элизабет Тейлорын “Rolls-Royce”-ыг үнэ хаялцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-02 14:47:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Жүжигчин Элизабет Тейлорын /1932-2011 он/ эзэмшиж байсан “Rolls-Royce” автомашиныг Нью-Йоркт үнэ хаялцуулна гэж дуудлага худалдааны “Guernsey's” ордон твиттер хуудсандаа мэдээлэв.


“Энэхүү домогт машиныг "Guernsey's” ордон наймдугаар сарын 6-ны 18 цаг 30 минутад дуудлагаар худалдана. Дуудлага худалдааг “Пьер" зочид буудалд зохион байгуулна” гэж тус ордон мэдээлсэн байна.  "Guernsey's”-ийн шинжээчид уг машиныг 1-2 сая ам.доллароор үнэлжээ.


Энэ нь захиалгаар бүтээсэн “Rolls-Royce Silver Cloud II Drophead Coupe” загварын машиныг жүжигчин бүсгүй болон түүний нөхөр, поп дуучин Эдди Фишер нар 1960 оны 12 дугаар сард хүлээн авсан байна. Уг машины өнгийг саарал ногооноор захиалсан нь Тейлорын нүдний өнгөтэй хослуулсан хэрэг гэж “Guernsey's”-ийн төлөөлөгч Эрлан Эттингер “The New York Times” сонинд мэдээлэл өгөхдөө тайлбарлажээ. Уг машины хаалганууд дээр эхнэр, нөхрийн нэрсийн эхний үсгийг сийлсэн байна.


Тейлор Ромд “Клеопатра” /Cleopatra, 1963/ киноны зургийг авч байх үеэр энэхүү “Rolls-Royce”-оо унадаг байжээ. Чухам Ромд Тейлор жүжигчин Ричард Бертонтой дурлалын романс үүсгэжээ. Фишер бол Тейлорын дөрөв дэх нөхөр байсан бол тэрбээр 1964 онд Бертонтой гэрлэж тав дахь удаагаа нөхөрт гарчээ. Бертон 1974 онд Тейлороос салсан боловч 1975 онд дахин гэрлэсэн байна. Холливудын оддын хоёр дахь гэрлэлт богино настай байсан бөгөөд ердөө есөн сар үргэлжилжээ.


Холбоотой мэдээ