Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-02 11:04:52

ВАШИНГТОН. /TASS/. Есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хятад улсын 300 тэрбум долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгдэв.


“Хятад улстай хийж буй худалдааны хэлэлцээ үргэлжилж байна. Хэлэлцээний явцад есдүгээр сарын 1-нээс эхлэн Хятад улсаас манай улсад оруулдаг үлдсэн 300 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнд нэмж жижиг татвар ногдуулна” гэж Трамп твиттер хуудсандаа бичжээ. Түүний мэдээлснээр, шинэ шийдвэр нь өмнө нь 25 хувийн татвар ногдуулсан 250 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд хамаагүй аж.


Трамп мөн АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч эхэлнэ, АНУ-д жил бүр олон мянган хүн амь насаа алдаж байгаа опиоид фентанил зарахаа зогсооно гэсэн амлалтаа Хятад улс биелүүлэхгүй байгаа гэдгийг сануулжээ.


Үүний сацуу тэрбээр Хятад улстай худалдааны иж бүрэн гэрээ байгуулах үр дүнтэй яриа хэлэлцээ үргэлжилнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.


Хоёр улсын худалдааны хэлэлцээ хэсэг завсарласны эцэст Шанхай хотноо мягмар гарагт эхэлж хоёр өдөр үргэлжилсэн боловч тодорхой үр дүн багатай дууссан нь Трампын дургүйцлийг хүргэсэн бололтой. Гэсэн хэдий ч хоёр талын төлөөлөгчид энэ удаагийн хэлэлцээг амжилттай болсон бөгөөд ирэх есдүгээр сард үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ