Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг олон нийтэд сурталчлах нь чухал гэв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-30 14:51:25

Завхан/МОНЦАМЭ/.Завханд 460 соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч бий гэсэн судалгаа байна. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид нь насны хувьд 20-85 насныхан.

Үүнээс үзэхэд талаас илүү хувь нь 60-80 насны хүмүүс байгаа нь соёлын биет бус өвийг хойч үедээ өвлөн уламжлах ажил орхигдсоныг харуулж буй.

Аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын дэлгэрэнгүй судалгаа 2014 оноос хойш бүрэн шинэчлэгдээгүйгээс гадна Улиастай сумын иргэдийг  соёлын биет бус өв тээгчдийн нэгдсэн судалгаанд бүрэн хамруулаагүй,  бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг ч эхлээгүй байна.

Соёлын биет бус өвийг ур чадварын хувьд өндөр түвшинд өвлөсөн билэг авьяастнуудыг ангилан нэгдсэн бүртгэлд оруулах ажлыг эхэлж байгаа. Сумдын музей техникийн ажилтнуудад энэ талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулж буй талаар аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Мөн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын нэгдсэн бүртгэлийг хийхдээ ард олны дунд байгаа орхигдож мартагдсан өвүүд, ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн зайлшгүй хамгаалах шаардлагатай өвүүдийг бүртгэл мэдээллийн санд бүртгэж иргэд олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй аж.

Мөн өвлөн уламжлагчдын бүртгэлийг шинэчлэх, баяжуулах,ангилах, дэлгэрэнгүй мэдээллийг бий болгох  шаардлага гарчээ.

Холбоотой мэдээ