“Монгол-Хятадын Экспо”-д бэлтгэх ажлын баг ХХААХҮЯ-нд ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уламжлал болгон зохион байгуулж буй “Монгол, Хятадын Экспо” үзэсгэлэн худалдаа, чуулга уулзалт энэ оны есдүгээр сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанцав хотноо болно.
Уг үйл ажиллагааг хоёр орны хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй юм. Экспод бэлтгэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Ажлын багийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ахлан тус яаманд төвлөрөн ажиллаж байна.
Энэ жилийн “Монгол-Хятадын Экспо” нь “Хөрөнгө
оруулалтын төсөл танилцуулах”, “Хурал, форум”, “Үзэсгэлэн худалдаа”, “Соёлын
солилцоо” гэсэн дөрвөн чиглэлээр болох юм. Өнгөрсөн хоёрдугаар Экспо-д манай улсаас 400 орчим компани, ААН-ийн 800 орчим бизнес эрхлэгч, орон нутгийн үйлдвэрлэгчид оролцож
үндэсний 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүүнээ БНХАУ-ын зах зээлд
танилцуулсан юм.