Йорданд анхны усан доорх цэргийн музейг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-26 10:58:26

АММАН. /BBC/. Йордан улс Улаан тэнгисийн Акаба эргийнхээ ойролцоо анхны усан доорх цэргийн музейг нээсэн байна.


Музейг нээх ёслолын арга хэмжээний үеэр танк, явган цэргийн байлдааны машин, нисдэг тэрэг зэрэг хэд хэдэн цэргийн техник хэрэгслийг усан доор байруулжээ. Йорданы эрх баригчдын хэлснээр, “шинэ төрлийн” музей жуулчдын сонирхлыг ихээхэн татна хэмээн үзэж байгаа ажээ.


"Манай улс усан доорх цэргийн музейг байгуулсан бүс нутгийнхаа анхны улс болсны зэрэгцээ дэлхийд анхдагч болж байж ч магадгүй юм" гэж "Акаба" эдийн засгийн онцгой бүсийн комиссар Абдуллах Абу-Авали хэлжээ. Акаба хотын шумбалтын спорт жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг бөгөөд тэд одоо илүү сонирхолтойгоор аялах боломжтой боллоо хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.


Музейг байгуулсан хэсэгт жуулчдын үзэж сонирхох дуртай далайн амьтад, шүрэн хад бараг байдаггүй тул шинэ бүтээн байгуулалт хийх шаардлагатай байжээ. Түүнчлэн уг музейг байгуулснаар байгалийн үзэсгэлэнт байдлыг сүйдэхээс сэргийлэхэд ч мөн хувь нэмэр оруулах ажээ. 

Холбоотой мэдээ