Японы экспортын хязгаарлалтыг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-25 14:28:17

СӨҮЛ. /Korea Post/. Швейцарын Женев хотноо болсон Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ уулзалтын үеэр БНСУ-ын Худалдааны дэд сайд Ким Сён Хо Японы экспортын хязгаарлалтыг “дипломат хариу арга хэмжээ” хэмээн шүүмжилжээ.


ДХБ-ын гишүүд Японы экспортын хязгаарлалтын талаар хэлэлцсэний дараа Ким Сён Хо сэтгүүлчдэд мэдээлэхдээ, би энэ асуудлаар хэлэлцээ хийх саналыг Японы өндөр түвшний төлөөлөгчдөд тавьсан гэжээ. Гэсэн хэдий ч Японы тал хариу өгөөгүй байна.


“Япон улс гаргасан шийдвэртэйгээ нүүр тулах зориггүй болох нь хэлэлцээ хийхээс татгалзсанаас харагдаж байна” гэж ДХБ-ын Ерөнхий зөвлөлийн уулзалтад БНСУ-ын төлөөлөгчдийг ахлан оролцсон Худалдааны дэд сайд хэлжээ.


Японы шийдвэр ДХБ-ын дүрэм журмыг зөрчиж байна гэж БНСУ-ын төлөөлөгч уулзалтын үеэр мэдэгдээд, уг шийдвэр Японы үндэсний аюулгүй байдалд ямар ч хамааралгүй болохыг онцолжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийн тухай шийдвэрийг БНСУ-ын Дээд шүүх өнгөрсөн оны намар гаргасны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.


Япон улс шүүхийн дээрх шийдвэрийн хариуд стратегийн зориулалттай материалын экспортод худалдааны хориг тавьсан гэж БНСУ-ын эрх баригчид үзэж байгаа ажээ. Харин Японы Засгийн газрын зүгээс уг мэдээллийг няцаагаад, эдгээр асуудал хоорондоо хамааралгүй гэж мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ