Завханд төрөлт ихэсчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-25 11:23:49

Завхан/МОНЦАМЭ/.Завханд хагас жилийн байдлаар 681 эх амаржиж өмнөх оноос амаржсан эх 34 хувиар нэмэгджээ. Долдугаар сарын байдлаар 666 жирэмсэн эхийг шинээр хяналтад авсан байна. 

Эмэгтэйчүүд өөрсдийн хэнэггүй байдлаас болж хяналтын хугацаандаа үзүүлэхгүй удах, жирэмсэн үеийн дэглэм барихгүй байх, витамины хэрэглээг нэмэгдүүлэхгүй байх, шаардлагатай шинжилгээнүүдэд хамрагдахгүй байх явдал байгаа аж.

Энэ нь бойжиж буй урагт муу нөлөөтэй байдаг. Аймагт ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношилдог болсноор аймгийн хэмжээнд ургийн гаж хөгжилтэй хүүхэд сүүлийн хоёр жил төрөөгүй байна.

Аймгийн төрөх эмнэлгээр өдөрт дунджаар 58 орчим эмэгтэй үйлчлүүлж эх нярайн эрт оношлогоонд хамрагдаж байна. Тус эмнэлэг үйлчлүүлэгчиддээ G60 маркийн 2D ЭХО,  2D доплер аппарат бүхий зайн оношлогооны үйлчилгээ үйлчилж байгаа ажээ.

Төрөх насны эмэгтэйчүүд энэхүү аппаратаар үйлчлүүлэх сонирхол их бөгөөд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл авах хүсэл сонирхол их байна.

Өдөртөө байнгын ачаалал ихтэй ажилладаг ба нэг зөвлөх эмч, сувилагч дунджаар 17 жирэмсэн эхийг үзэж зөвлөгөө өгдөг тухай аймгийн Төрөх эмнэлгээс мэдээлэв.

Эмэгтэйчүүдэд хүүхдийн хооллолтын талаар зөвлөгөөг өгч байна

Энэ жил Завхан аймагт Японы засгийн газрын санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлэгт МТ-610 маркийн 15 сая төгрөгийн өртөгтэй ургийн зүрхний бичлэгийн аппарат нийлүүлжээ.

Ингэснээр эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа гэлээ. Түүнчлэн нялх, бага насны хүүхдийн хоол тэжээлийн зөвлөгөө өгөх сургалтад 27 эрүүл мэндийн байгууллагын 120 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулж,  чадавхжуулсан байна.

Үүний үр дүнд нялх, бага насны хүүхдийн хооллолтын ганцаарчилсан зөвлөгөөг 3117 удаа, давтан зөвлөгөөг 3199 эцэг эх, асран халамжлагч нарт өгчээ. Жирэмсэн, хөхүүл эхийн хооллолтын ганцаарчилсан зөвлөгөөг 853 удаа, давтан 1285 эхэд өгсөн байна.

Мөн бодлогоор нийслэл Улаанбаатар хотоос гурван удаа эмэгтэйчүүдийн болон, хавдрын эмч нарыг урьж  эмэгтэйчүүдийг нарийн шинжилгээ, оношилгоонд хамруулсан тухай Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ