Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн 200 гаруй үзмэрийг дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дарьгангын уран дархан, урчуудын бүтээсэн мөнгөн эдлэлийн “Нандин өв” үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээв.
Үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалж буй Дарьганга хийцийн мөнгөн урлалын сор болсон чамин нарийн ур хийц бүхий мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдийн 10 гаруй эд эдлэлээс бүрдсэн үзмэрийг дэлгэжээ.
Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн музей үүсгэн байгуулсаны 95 жил, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд нийслэл Улаанбаатар хотноо анх удаа дэлгэж буйг Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн эрхлэгч Д.Ариундэлгэр тодотгов.
XIX зуунаас эдүгээ хүртэл Дарьганга нутгаас хэдэн арван
алдартай уран дархан төрөн гарчээ. Эдгээрээс Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн
музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо,
М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар
зэрэг дарханы шилдэг бүтээлүүдиыг хадгалж, олны хүртээл болж байна. Монгол
Улсын “Хосгүй үнэт” өвөөр бүртгэгдсэн, Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын
урласан Дарьганга эхнэрийн толгойн гоёл болон Хотолбаярын урласан үзэмчин
эхнэрийн толгойн гоёл үзэгч олны мэлмийг мялааж байна.
Дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт
хутга, аяга зэрэг урлалаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа,
хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж
болно. Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийн зохиомжийг маш нарийн
арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор, чадал чансаагаараа
Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг юм. Мөн зуун дамжсан өв соёлын дахин давтагдашгүй гайхамшигт
хийц, урлалаараа онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Ж.Эрдэнэбаатар оролцов.
Б.Болд
Гэрэл зургийг Т.Чимгээ