Японы хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-17 15:51:42

СӨҮЛ. /TASS/. Токио Сөүлийн эсрэг стратегийн зориулалттай материалын экспортод худалдааны хориг тавьсан нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж БНСУ-ын Сангийн сайд Хон Нам Ги лхагва гарагт мэдэгдэв.


“Японы Засгийн газрын авсан арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин холбооны бүтцийг сулруулж болзошгүй юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлж байна” гэж Хон Нам Ги Сөүл хотод хууль тогтоогчидтой уулзахдаа онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн экспортын хязгаарлалтаа цуцалж, дипломат яриа хэлэлцээ хийхийг Японы эрх баригчдад уриалжээ.


Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан байна. Одоо тэдгээрийг нийлүүлэхийн тулд тусдаа зөвшөөрөл авах ёстой аж. Японы тал мөн эдгээр материалын заримыг нь Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа юм.


Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг БНСУ-ын Дээд шүүхээс Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа мууджээ.


Японы Засгийн газар дээрх шийдвэрийг няцаагаад, энэ асуудлыг 1965 онд Токио болон Сөүлийн харилцаа хэвийн байх үед эцэслэн шийдсэн гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос нөхөн төлбөр олгох хэрэгтэй холбоотойгоор “Nippon Steel & Sumitomo Metal” компанийн хөрөнгийг хураах журмыг санаачилсан байна.


Холбоотой мэдээ