Сэлэнгэ мөрөн бохирдолгүй Орхон гол бохирдолтой байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-07-15 13:31:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораториос Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарт хяналт шалгалт хийхэд аймгийн төв дундуур урсаж буй голууд бохирдолтой, жижиг голууд бохирдолгүй байгаа ажээ.

Хяналт-шалгалтаар Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Хараа, Бургалтай, Хүдэр, Буур, Хиагт голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарыг 20 гаруй үзүүлэлтээр тодорхойлсон байна.

Тодруулбал Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн, Наушка хяналт-шинжилгээний цэгээс нэг удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ. Шинжилгээний дүнгээр Сэлэнгэ мөрний голын усны эрдэсжилт, хүчилтөрөгчийн үзүүлэлт хэвийн, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж давсан үзүүлэлт үгүй бохирдолгүй байсан байна.

Харин Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний хоёр цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь аммонийн азот, нитритийн азотын агууламж, эрдэс фосфор давсан, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.4 дахин  давж голын эхэн хэсгээр бага зэргийн бохирдол үүссэн байгаа аж.

Мөн Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын ус бохирдолгүй байжээ. Бусад Хараа, Бургалтай, Хүдэр голууд давсан үзүүлэлт үгүй бохирдолгүй гарчээ. Харин Буур голын Сүхбаатар хяналт-шинжилгээний цэг, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний нэг цэгээс авсан усны сорьцоор тус нитритийн азотын агууламж, эрдэс фосфорын агууламж давж маш их бохирдолтой байгаа ажээ. .

 

Холбоотой мэдээ