Хүүхдээ төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүлгэхийг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-10 17:49:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд Хүүхдийн түр хамгаалах байр ажиллуулж эхэллээ.

Энэ байранд баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг, мэдээлэл өгч, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх юм. Хэрвээ хүүхэд төөрсөн тохиолдолд цагдаагийн албан хаагчид аюулгүйн бугуйвч дээр бичсэн мэдээллээр дамжуулж эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгнө. 


Эцэг, эхчүүд, иргэдийг баяр наадмын ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүйн бугуйвч авахыг зөвлөж байна. Мөн хүүхэд төөрсөн тохиолдолд ойр байгаа цагдаагийн албан хаагчид мэдэгдэн, Цагдаагийн байгууллагын 102, Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсаар холбогдож мэдээлэхийг анхаарууллаа. Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх, Сүхбаатарын талбай, Хүй долоо худагт нийт бага насны 205 хүүхэд төөрснийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч байжээ.




Энэ жилийн баяр наадмаар гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх, иргэдэд туслах зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлэг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллана. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчмын 24 байршлын гадна орчныг камераар хянаж, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Холбоотой мэдээ