Японы багийн автомашин биш гэдгийг албан ёсоор мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-10 13:41:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли  уралдаанд оролцож буй Японы багийн арын албанынхан Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт “Toyota Prius” маркийн машинтай мөргөлдсөний улмаас осолдож, манай улсын хоёр иргэн хүнд бэртэл авч, нэг эмэгтэй зорчигч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар зохион байгуулагчид албан ёсны мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь толилуулж байна: “Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид өнөөдөр /2019 оны 07 дугаар сарын 09/ Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна. Тус боомтоор хоёр минутад нэг автомашин хилээр нэвтрүүлж, 14 цагийн байдлаар 34 орны 729 зорчигч, 342 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарснаар өнөөдөр Төв аймгийн нутагт бариандаа орлоо. Харамсалтай нь, Японы HINO багийн тамирчны арын албыг хариуцаж байсан машин осолдсон гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Тус осол гаргасан машин нь Японы тамирчны арын албаны машин биш бөгөөд дараах тайлбарыг албан ёсоор хүргүүлж байна. Японы HINO багийн арын албыг хариуцаж байсан албан ёсны зөвшөөрөлтэй машин 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаан-Үүд хотод эвдэрсэн тул Японы багийн арын албаныхан Дархан-Улаан-Үүд чиглэлд хүн тээвэрлэдэг машин түрээслэн, зөвшөөрөлгүйгээр наалт нааж хариуцлагагүй үйлдэл гарган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутагт "Toyota Prius" маркийн машинтай мөргөлдсөний улмаас нэг монгол эмэгтэй амиа алдсан осол гарлаа” гэжээ.

Дашрамд дуулгахад, “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долоодугаар сарын 6-наас 16-нд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр болж байна. Уг уралдаанд 40 гаруй орны 120-130 баг автомашин, мотоциклын төрөлд оролцож байгаа бөгөөд Монголын нутагт болох уралдаан мягмар гараг /2019.07.09/-аас эхэлсэн юм. “Торгоны зам 2019” уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүн явуулж байна. Мөн олон улсын хэвлэл мэдээллийн 100 гаруй байгууллага ажиллаж, мэдээллийг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулан хүргэж байна.


Олон улсын ралли авто уралдаан болж байгаатай холбогдуулан энэ өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймагт цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллаж байна. Уралдаан болох бүс нутагт Монголын талаас өндөр хариуцлага гарган ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зохион байгуулагчид анхааруулсаар байгаа юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй “Торгоны зам-2019” авто раллид оролцогч тамирчид Сэлэнгэ, Дархан-Уул, Хөтөл, Төв аймаг, Улаанбаатар, Мандалговь, Даланзадгад гэсэн маршрутаар уралдаж, энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ руу гарч, уралдаанаа үргэлжлүүлнэ.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклийн төрөлд нийт 12 тамирчин оролцож байна.


“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

7.06 – ОХУ – Иркутск /нээлт/

7.08 – Улан-Үдэ

7.09-10 – Улаанбаатар

7.11 – Мандалговь

7.12 – Даланзадгад

7.13 – Баянбулаг боомтоор гарах

7.14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/

7.16 – Жиаюгуан /Jianguguan/

Албан ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com-с авах боломжтой юм.

Холбоотой мэдээ