“Дун”-гийн суулгацтай хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-09-18 18:28:20

ЭМЖЖ эмнэлгийн дүлий хүүхдэд сонсгол оруулсан “Дунгийн суулгац” хагалгааны дараах сонсголоор хэл яриа оруулах, оюун ухааныг хөгжүүлэх зорилготой “Дун” цэцэрлэг нээлтээ хийв. 

Энэ цэцэрлэг нь Монголд анх удаа дунгийн суулгацтай хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг гэдгээрээ онцлогтой. Мөн хэл заслын мэргэшсэн багш нартай анхны цэцэрлэг болж байгаа юм. 

Одоогоор тус эмнэлэг нь 36 хүнд дунгийн суулгацын хагалгаа хийгээд байгаа бөгөөд таг дүлий хүүхдэд 1.8-3 настай үед нь хийвэл илүү үр дүнгээ өгдөг. Хагалгаа хийсний дараа нөхөн сэргээх эмчилгээ буюу хэл заслын хичээлийг хүүхдүүдэд зааснаар үр дүнгээ өгч дунгийн суулгацтай хүүхэд жирийн хүүхэдтэй адил түвшинд суралцах боломжтой болдог аж. Тиймээс БСШУЯ болон ЭМЖЖ эмнэлэг хамтран 15 хүүхдийн энэхүү цэцэрлэгийг байгуулжээ.

Нээлтийн үеэр ХБНГУ-ын иргэн Манфред Хааз өөрийн цуглуулсан хандиваа цэцэрлэгийн хамт олонд гардуулсан юм. Тэрбээр тус эмнэлэгтэй олон жил хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн оноос эхлэн нутагтаа хувийн шугамаар хандив цуглуулан дунгийн суулгацтай хүүхдүүдийн суралцах явцад тус дэм болдог байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд