Үндэсний Их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-08 13:45:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулахаар болжээ.


Энэ талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэдэж тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал  Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байгаа. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулж хийсэн уг цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” гэв.


Ирэх наадмын өдрүүдэд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “Тоёота” асрыг байршуулж наадамчин олонд наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн хангах, автомашины аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл өгөх аж.


"Тоёотагийн нэрэмжит цомыг энэ сарын 13-нд Хүй долоон худагт гардуулах юм. Мөн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын 150 ширхэг хувцасыг өнөөдөр баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын багт гардууллаа.

Холбоотой мэдээ