Гүржид дахин жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-07 10:27:54

ТБИЛИСИ. /TASS/. Гүржийн нийслэл Тбилиси хотод бямба гарагийн орой хэдэн зуун жагсагч парламентын ордноос эрх баригч “Гүржийн мөрөөдөл-Ардчилсан Гүрж” намыг үүсгэн байгуулагч бөгөөд дарга Бидзина Иванишвилигийн гэр хүртэл жагссан байна. Жагсагчид тус улсын Дотоод хэргийн сайд Георгий Гахарияг огцруулахыг шаарджээ. Эсэргүүцлийн ажиллагааг Гүржийн телевизийн "Рустави-2" суваг шууд дамжуулсан байна.


"Энэ бүх жагсаал дорх хаяж 2020 оны сонгууль хүртэл үргэлжилж магадгүй. Эсэргүүцлийн ажиллагаа цаашдаа ямар хэлбэрээр үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна, гэхдээ бидэнд бодож төлөвлөсөн зүйл бий. Хүмүүс бидний сонирхож байгаа зүйлсийг сонсож байгаа цагт бид дуугүй байхгүй” гэж жагсаалыг зохион байгуулагч Миша Мшвилдазе мэдэгджээ.


Жагсагчид 19 цагт парламентын ордны дэргэд цугласныхаа дараа “Битгий биднийг сохол!”, “Гахария гэртээ харь!” гэсэн бичиг бүхий уриа лоозон, Гүржийн төрийн далбааг барьсаар Иванишвилигийн гэр рүү жагссан байна.


Жагсаалд сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”, “Европын Гүрж-эрх чөлөөний хөдөлгөөн” намуудын дарга нар оролцжээ. Жагсагчид “Гүржийн мөрөөдөл” намын даргын гэрийн гадна Гүрж болон Европын Холбооны төрийн дууллыг дуулсан байна. Үүний дараа жагсагчид тарцгааж, ням гарагийн орой парламентын ордны дэргэд дахин цуглахаар шийджээ.   


Жагсагчид хоёр дахь удаагаа Иванившилигийн гэрт очиж байгаа нь энэ юм. Тэд зургадугаар сарын 27-нд ийм жагсаал зохион байгуулж байв. Тухайн үед жагсагчид шар карт үзүүлж, Гахарияг огцрохыг шаардсан байна.


Гүржийн нийслэл Тбилиси хотод зургадугаар 20-нд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсон юм. Эсэргүүцлийн ажиллагаа өрнөх болсны шалтгаан нь Гүржийн парламентын ордонд зохион байгуулсан Үнэн алдартны шашинт орнуудын парламент хоорондын ассамблейн 26 дугаар Ерөнхий хурал болсон. ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Төрийн Думын депутат Сергей Гаврилов Гүржийн парламентын даргын суудалд суусан нь сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлжээ. Сөрөг хүчнийхэн иргэдэд жагсахыг уриалсан байна. Улмаар жагсагчид парламентын ордонд дайран орж эмх замбараагүй байдал үүсгэжээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. Эмх замбараагүй байдлын үеэр 240 хүн гэмтэж, 300 гаруй хүнийг баривчилжээ.


Холбоотой мэдээ