Японы парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч эвсэл ялах төлөвтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /Kyodo/. Долдугаар сарын 21-нд болох Японы Зөвлөлийн танхимын /парламентын дээд танхим/ сонгуульд Абэ Шинзо тэргүүтэй эрх баригч Либерал-ардчилсан нам /ЛАН/ болон тус намын ойрын холбоотон "Комэйто" нам олонхын суудлаа хадгалан үлдэх хангалттай тооны санал авах төлөвтэй байгааг Киодо агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, ЛАН болон "Комэйто" нам 124 суудлаас 77-г нь авахаар байгаа аж. Ийм тооны суудал авснаар тэд парламентын дээд танхимд итгэлтэйгээр олонх болох юм.
Үндсэн хуулийн шинэчлэлийг саадгүйгээр урагшлуулахын тулд эрх баригч эвсэл 85 суудал зайлшгүй авах шаардлагатай. Гэхдээ дээд танхимд одоо 15 суудалтай "Ниппон иссин но кай" нам болон бие даан нэр дэвшигч дор хаяж нэг гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх баригч эвслийн санаачилгыг дэмжихэд бэлэн байгаа ажээ. Тиймээс сонгуулийн эцсийн дүн нь шинэчлэлийг дэмжигчдийн ерөнхий дүнгээс шалтгаална.
Японы сөрөг хүчний намууд тус улсын иргэдийн дунд тийм ч нэр хүндтэй биш боловч сөрөг хүчний гол нам болох Үндсэн хуулийн-ардчилсан нам дээд танхим дахь суудлын тоогоо 28-аас 35 болгож нэмэгдүүлэх төлөвтэй байна.
Долдугаар сарын 4-5-ны хооронд гар утсаар явуулсан санал асуулгад 30 500 хүн оролцжээ. Үүний 54 хувь нь удахгүй болох сонгуульд хэнд саналаа өгөхөө хараахан шийдээгүй байгаа аж.