Бяцхан хөвгүүд галыг унтрааж, 58 настай иргэний амь насыг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-02 21:36:26

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байжээ.

Тус хаягт гал гарч байгаа дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг хаягийн дагуу шуурхай очиход хөвгүүд ийн галыг унтрааж, иргэн Ц.Цэндсүрэнгийн амийг аварсан байсан гэнэ.

Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд ус цацан  унтраасан байна. Энэ үед Мөрөн суманд  салхины хурд 9-14 м/с байсан ба  дуудлагаар очсон гал унтраах тасгийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтрааж дараагийн шатны албан тушаалтанд шилжүүлжээ.  Одоогоо гал юунаас болж гарсан тодорхойгүй байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ