Төв номын сангаас 6, 7 дугаар сарыг англи номын сар болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-03 14:46:34

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв номын сан англи хэл дээрх 3600 гаруй номтой болжээ. Тиймээс зургаа, долоодугаар сарыг англи номын уншлагын сар болгожээ. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд иргэд болон оюутан сурагчдад хөнгөлөлттэй үйлчлэх ажээ.

Энэ үеэрээ англи хэлээр чөлөөт цаг, танин мэдэхүйн, анхан, дунд, дээд шатны сургалтын ном, уран зохиол, багш нарын гарын авлага, сургалтын материалыг тарааж байна. Мөн СD хуурцаг, шинжлэх ухааны ном, төрөл бүрийн сонирхолтой хялбаршуулсан номуудыг танхимаар болон гадуур олгох юм байна.

Хүүхэд багачуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой англи хэл дээрх номыг сурталчлах энэ ажлын хүрээнд англи хэлний ярианы клуб хичээллүүлж, анхан болон ахисан шатны сургалтыг зохион байгуулж байна. Англи номын уншлагын танхимыг хүүхэд багачуудын шашин шүтлэг, яс үндэс, газар зүйн байрлалаас үл хамааран дэлхий дахинд боловсролын тэнцвэртэй байдал бий болгох зорилгоор анх Монголын Скаутын холбооны дэмжлэгээр байгуулжээ. Өнгөрсөн жил зуны амралтаар тус танхимд  “Номын анд” аяныг амжилттай зохион байгуулж Завхан аймгийн 108 багийн 647 хүүхдийг хамруулсан байна. Харин энэ жил англи номын сарын аянд 60 гаруй хүүхэд хамрагдаад буй ажээ. 

Холбоотой мэдээ