Төрөх тасаг ЭХЭМҮТ-тэй онлайнаар холбогдох боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-29 20:15:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Гадаад хэргийн яам хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нутагшуулах” төслийн хүрээнд байгуулсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн “Эх барихын яаралтай тусламж, ур чадварын сургалтын танхим» өнөөдөр нээлтээ хийлээ.

Танхимын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, Монгол Улсын Гавьяат эмч С.Хишгээ нар оролцов.

Тус танхим нь сургалтын болон алсын зайны оношилгооны шууд холболтын тоног төхөөрөмжүүд, сургалтын хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон бөгөөд Улаанбаатар хот дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн зөвлөгөө өгөх нэгжтэй онлайнаар холбогдон онош тодруулах, зөвлөгөө авах боломж олгох аж.

Энэ ажлын үр дүнд дэвшилт технологид суурилсан эх нярайн яаралтай тусламжийн зайн оношилгоог орон нутагт нэвтрүүлэх, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх нөхцөл бүрдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

Холбоотой мэдээ