Баян-Өлгийчүүд "Яараад яахав дээ" аянд нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-20 17:35:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас ‘’Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2019’’ урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-наас орон даяар эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймагт зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох ажлуудыг зохион байгуулж байна.

"Цагдаагийн газрын алба хаагчид Өлгий хотоос Улаанбаатар хот болон бусад аймаг, сумууд, Казахстан Улсын Нур-Султан, Алматы хот чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийг “Яараад яахав дээ” аянд нэгдүүлж байгаа. Жолооч нарт алсын замд зорчихдоо тогтоосон хурдаар явах, тэмдэг, тэмдэглэгээг баримталж өөртөө болон бусдад аюултай байдал үүсгэхгүй байх, хүүхдүүдийг зориулалтын суудалд суулгаж явах талаар яриа таниулга хийж байна. Нөгөөдрөөс Өлгий-Ховд чиглэлийн авто зам дагуу постод 24 цагаар жижүүр ажиллуулна. Цагааннуурын пост тогтмол ажиллаж байгаа. Мөн төрийн байгууллагуудын ажилтнуудад мэдээлэл хүргэх, аянд нэгдүүлэх арга хэмжээ авна" хэмээн тус аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Асылбек хэллээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар Баян-Өлгий аймгийн хэмжээнд 11 зам тээврийн осол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэг дахин өсжээ. Мөн ослын улмаас найман хүн гэмтэж дөрөв дахин нэмэгдсэн байна. Иймд ирэх есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослыг нэг дахин бууруулахыг зорьж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ