Найжел Рэй: ОУВС-гийн хөтөлбөр үр дүнгээ өгч байгааг тоон мэдээллүүд харуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-19 18:28:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монгол Улсад үр дүнгээ өгч байгааг тоон мэдээллүүд харуулж байна гэж ОУВС-гийн захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөн ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй хэллээ.

Түүнийг өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хүлээн авч уулзсан юм. Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Монгол Улсад зочилж байгаад талархал илэрхийлж, Манай улс 1991 онд ОУВС-д элсэн орсноос хойш 6 удаагийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн”-ийг дурдаад, эдийн засаг, нийгмийн хөгжилд ОУВС-гийн үзүүлсэн дэмжлэг, туслалцаа их болохыг онцоллоо. Мөн тэрээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүнгээ өгч, амжилттай хэрэгжиж байгааг хэлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд техникийн шалтгаантай бага зэргийн саатлууд тулгарсан боловч амжилттай шийдвэрлэн цаашид хэвийн үргэлжлэхээр болж байгааг дуулгалаа.

Монголбанкны зүгээс хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах нь эдийн засагт тулгарч буй цаашдын сорилтыг даван туулахад чухал гэж харж байгааг хэлж, үүний төлөө тусалж дэмжиж ажиллахыг хүслээ. Энэ үеэр Монголбанкнаас “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, сорилт”-ын талаар танилцуулж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид анхаарах зүйлийн талаар харилцан санал солилцов.

Ноён Н.Рэй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарын үйл ажиллагаа сайн байж, сахилга баттай төсөв, мөнгөний бодлогууд нь одоо хүрээд байгаа үр дүнгээ баталгаажуулахад чухал болохыг онцолж, цаашид дэмжин тусалж ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ