Нарийн, нарийвтар ноост хонины удмын сан, үүлдрийг сэргээх талаар зөвлөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-17 18:02:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн улсын зөвлөгөөн” Дархан-уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төв цогцолборт боллоо.

Зөвлөгөөнөөр манай улс зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжснээс хойш нарийн, нарийвтар ноост хонины үржил селекцийн бодлого алдагдаж, тоо толгой, ашиг шимийн түвшин буурч ирснийг онцолж байв. Тиймээс нарийн, нарийвтар ноост хонины удмын санг хамгаалах, үүлдэрлэг байдлыг сэргээн сайжруулж, тоо толгой, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар оролцогчид хэлэлцэв. Үндэсний үйлдвэрүүдийг сайн чанарын ноос, арьс, ширээр хангах, эрчимжүүлсэн арга, технологийг нэвтрүүлж хонины мах, ноос, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцов.

Манай улсад социализмын үед шинээр байгуулсан нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж, түүхий эдээр хангах, ноосон даавуу, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр нарийн, нарийвтар ноост хонины аж ахуй бий болсон юм. Олон зуун жил нутгийн Монгол хонийг үржүүлж ирсэн манай оронд нарийн, нарийвтар ноост хонины аж ахуйг хөгжүүлсэн нь МАА-н салбарт хийсэн цоо шинэ эхлэл байв.  

1936, 1950, 1960, 1970 онд ОХУ-аас нарийн ноост Алтай, Аскани, Грознен, Өвөр байгаль, нарийвтар ноост Цигай, Прекос, Ромни-Марш, Куйбышев Грузин зэрэг үүлдрийн хонийг авчирч Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон “Орхон”, “Хангай”, “Тал нутгийн цагаан”, “Ерөө” гэсэн үүлдрийн хэсгийн хонийг бий болгосон нь хонины аж ахуйг хөгжүүлсэн амжилт гэж үздэг. Нарийн, нарийвтар ноост хонь нь сүргийн дунджаар 3.5 кг жигд ноос өгч,  амьдын жингээр нутгийн монгол хониноос 20 хувь илүү, чанар сайтай, Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицож үр төл, ашиг шимээ өгсөөр ирсэн юм. 


ХХААХҮЯ-наас санаачлан Малын удмын сангийн үндэсний төв, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулсан зөвлөгөөнд ХААИС, МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын мал зүйч үржүүлэгчдийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн нийгэмлэг, "Sustainable Agriculture research&development" NGO, Хөгжлийн банк, Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл /Unido/, Ноосон зангилаа хоршоо, Натурал текстайл групп, Таймлес,Анжел фелтинг”, Эко ноос”, “Монгол текстайл”, "Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэл" зэрэг ААН-үүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул аймгийн болон зарим сумдын төлөөлөл, МАА-н салбарын эрдэмтэн судлаачид, орон нутгийн мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, малчид оролцов.



Зөвлөгөөний үеэр нарийн, нарийвтар ноосоор урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

Холбоотой мэдээ