Энэтхэгт тархины үрэвслийн улмаас олон хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-06-17 11:43:13

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгийн зүүн нутгуудад сүүлийн хэдэн долоо хоногт тархины үрэвслийн улмаас нас барсан хүний тоо 80 хүрсний дийлэнх нь бага насны хүүхдүүд байна.


Зүүн нутгийн Бихар мужийн эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлснээр, тархины үрэвсэлтэй хэмээн оношлогдох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ажээ. Тэдгээрт халуурах, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.


Өвчтөнүүдийн дийлэнх нь 10 болон түүнээс доош насны хүүхдүүд байгаа бөгөөд бүс нутгийн эмнэлгүүдэд тархины үрэвсэлтэй бага насны хүүхдүүд хүчилтөрөгчийн аппаратаар амьсгалж байна. Тэдний цусан дахь сахарын хэмжээ маш бага байгаа бөгөөд гуравны хоёрынх нь шээсний шинжилгээнээс личи жимсэнд агуулагддаг хортой нэгдэл илэрчээ.


Уг хортой нэгдэл нь цусан дахь сахарын түвшинг бууруулдаг ба сахарын түвшин багатай хүүхдүүдэд хоол тэжээлийн дутагдал үүсэж, энэ нь личи жимсийг ихээр идэхэд тархины үрэвсэл үүсэхэд хүргэдэг байна.


Энэтхэгийн эрх баригчид хүүхдүүддээ гүйцэд болоогүй личи жимс идүүлэхгүй байхыг ард иргэддээ уриалсан бөгөөд бүрэн болсон личинд хортой нэгдэл бага байдаг ажээ. 

Холбоотой мэдээ