“Эрүүл сэтгүүлзүйн төлөө” аяныг хэрэгжүүлж эхэлжээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-06-14 13:07:51


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн Цахим сэтгүүлзүйн салбараас “Эрүүл сэтгүүлзүйн төлөө” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Уг аяныг Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хорооноос дэмжиж буйгаа өнөөдөр илэрхийллээ.


Сүүлийн үед  цахим орчны хэрэглээ нэмэгдэж, уншигчид цахим хуудас буюу мэдээллийн сайтуудаас мэдээлэл авах нь ихэссэн. Үүний улмаас уншигчдад буруу, ташаа мэдээлэл хүрэх, цахим хуудсууд бусдын нэр хүндийг гутаах, доромжлох, гүтгэх зэрэг зөрчил гарч байна. 2018 оноос хойш худал мэдээлэл түгээсэн гэх 200 гаруй гомдол Хэвлэл, мэдээллийн зөвлөлд ирсний 70 хувийг цахим хуудсуудтай холбоотой байжээ. Тодруулбал, цахим хуудсууд нь байгууллагынхаа хаяг, холбоо барих дугаарыг бүрэн байршуулдаггүй, эх сурвалж нь баталгаагүй мэдээллийг олон нийтэд түгээсэн зэрэг зөрчил гарч буй юм. Тиймээс дээрх асуудлуудыг шийдвэрлэх, сэтгүүл зүйн салбарын нэр хүндийг хамгаалах зорилгоор “Эрүүл сэтгүүлзүйн төлөө” аяныг энэ сарын 03-наас ирэх сарын 03-нд хэрэгжүүлэх болжээ. Аяны хүрээнд цахим хуудсуудыг хаягаа бүрэн байршуулдаг болгох ажлыг өрнүүлэх юм. Ингэснээр иргэд цахим хуудсын мэдээллийн талаар тухайн редакцтай холбогдон тодруулах, санал, гомдлоо чөлөөтэй хүргүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Б. Одгэрэл

Холбоотой мэдээ