Эко жуулчлалыг хөгжүүлэх гэрээг үзэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-13 19:41:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас Хөвсгөл нуур, Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал хөгжүүлэхэд зориулж 38 сая ам.долларын зээл олгохоор болсон талаар манай агентлаг өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр дээрх зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь тус банкны суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрээр дээр дурдсан Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийн хүрээнд байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой юм.




Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой энэхүү төсөл нь дархан цаазтай газарт аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас манай улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт юм.

Мөн энэхүү санхүүжилт нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдаж байгаа юм.

                                   

Б.Болд

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ