Хөгжлийн бодлогын Ажлын хэсэг эрдэмтдийн саналыг сонсов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-12 15:24:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр ШУТИС-д болов.

Уулзалт, хэлэлцүүлгийг Ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж хэлэхдээ, “Аливаа улс орны хөгжлийн талаар хөндөхөд заавал инженерүүдийн тухай ярих шаардлагатай байдаг. Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна. Тийм учраас Засгийн газрын зүгээс Та бүхэнд энэ удаа ямар нэгэн дэмжлэг амлах бус харин дэмжлэг гуйхаар, хамтарч ажиллахаар ирлээ” гэсэн юм.


Тэрээр, “Монгол Улс ямар ч гэсэн эмх замбараагүй, салбар хоорондын уялдаа холбоогүй байдлаараа цаашаа явж болохгүй. Урт хугацаанд заавал хөгжлөө тодорхойлох ёстой. Монгол Улсын хувьд сүүлийн боломж ч байж магадгүй. Энэ нүсэр ажлыг Засгийн газар ямар ч гэсэн хийж дуусгана. Цаашид улс төрийн намууд үүн дээр санал нэгдэж, аль нь ч засгийн эрх барьсан тогтвортой хэрэгжүүлээд явах ёстой. Тэгж чадахгүй бол бид өнгөрсөн 25 жилийн алдаагаа давтах болно” гэдгийг онцолж дурдсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч “Стратеги-2045” сэдвээр, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор А.Эрдэнэбаатар “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монгол Улсын хөгжил” сэдвээр, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлэх зарим санал” сэдвээр тус тус дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм.

Илтгэл болон хэлэлцүүлэгтэй холбогдуулж  ШУТИС-ийн салбар сургуулиудын эрдэмтэн, профессорууд ч өөрсдийн санал, санаачилгыг танилцуулж, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлыг дэмжиж, идэвхитэй оролцохоо илэрхийлсэн юм. 

Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийнхэн үүний өмнө Засгийн газрын 13 яам, таван агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй танилцаж, зарим яам, агентлагт тодорхой үүрэг чиглэл өгөөд байна.

Ажлын хэсгийнхэн урт хугацааны хөгжлийн төсөөллийг энэ оны 11 дүгээр сар хүртэл боловсруулж дуусах хүртэл үлдэж буй богино хугацаанд төрийн болон олон нийтийн ТББ-ууд, нийгмийн бүх салбарын иргэдийн төлөөлөлтэй уулзах байдлаар дор хаяж нэг сая хүнийг хэлэлцүүлэгт хамруулж, санал, санаачилгыг нь сонсохоор төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ