Евро Азийн дээд боловсролын байгууллагын удирдлагуудын VIII форум боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nyamtulga@montsame.gov.mn
2019-06-11 15:07:49
twitter.com/Nyamkanmk

УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Евро Азийн дээд боловсролын байгууллагын удирдлагуудын VIII форум энэ сарын 06-07-нд БНКазУ-ын Назарбаевын их сургуульд боллоо.


"Ирээдүйд бэлтгэгдсэн төгсөгчид" сэдвийн хүрээнд болсон энэ удаагийн форумд 12 орны 300 гаруй төлөөлөгч оролцож, туршлага хуваалцан, тулгамдаж буй асуудлууд, сорилтууд, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцлээ. Мөн форумд оролцогч нар их дээд сургуулиуд өдөр тутам өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангахуйц оюутан залуусыг бэлтгэж чадаж байгаа эсэх, мөн ирээдүйн удирдагчид, зөв хандлагатай иргэдийг бэлтгэх нөөц бололцооны талаар хэлэлцэв.


Өнөөдөр боловсролын байгууллагууд оюутнуудынхаа суралцах дадлыг олон улсын түвшинд хүргэх, оюутнуудуудыг судалгаа, шинжилгээний ажилд оролцох боломжоор хангах, насан туршын боловсролыг дэмжих, тэргүүлэгч аж ахуй нэгж, компаниудтай түншлэх зэрэг олон асуудал тулгарч буй юм.


Энэ талаар Назарбаевын их сургуулийн захирал Шигэо Кацү, “Бид хурдацтай өөрчлөгдөн байгаа, урьдчилж таашгүй, цогц мөртлөө тодорхойгүй ертөнцөд амьдарч байна. Цахим технологи, хиймэл оюун ухаан, асар их мэдээллийн эрин үе. Энэ эринд хиймэл оюун ухаан нэг талаараа хүний хийх ажлыг орлож байгаа ч нөгөөтэйгүүр шинэ ажил мэргэжлийг бий болгож байна. Тиймээс их дээд сургуулиудын хувьд оюутнуудад олгодог боловсролын тогтолцоо, үйлчилгээгээ сайжруулахад энэ удаагийн форумын сэдэв чиглэж байна” хэмээв.


5000 гаруй оюутантай, англи хэлээр сургалтаа явуулдаг Назарбаевийн их сургуулийг Казахстан улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар 2010 онд үүсгэн байгуулж байжээ.


Б.Батчимэг

Холбоотой мэдээ