Залуу боксчид БНСУ-ын шигшээ багтай хамтран бэлтгэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-06-11 14:42:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Vision-2019” хөтөлбөрийн хүрээнд боксын баг тамирчид 2019 оны 6 дугаар сарын 10-24-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.


Баг тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзан, хамтарсан бэлтгэлээ сайн хийж, ур чадвараа ахиулахыг хүслээ.


Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-ийн гишүүн орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилго бүхий "Vision  2014" хөтөлбөр нь анх "Инчеон-2014" Азийн наадмыг угтаж 2007 оноос эхэлсэн түүхтэй.


Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас байт харваа, дугуй, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн баг тамирчид хамрагдаж байсан юм. Тухайлбал “Бээжин-2008” паралимпын аварга Д.Баатаржав /байт харваа/, Азийн эмэгтэйчүүдийн анхны аварга Т.Энхжаргал /дугуй/, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг /хүндийг өргөлт/ нар олимп, дэлхий, тивийн аварга хэмээх уг цолыг тус тус хүртсэн билээ.


Энэхүү хөтөлбөрийн үр нөлөө өндөр байсныг Инчеон хотын захиргаа үнэлж, 2017 оны тавдугаар сарын 26-ны өдөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичгийг МҮОХ-той Инчеон хотын захиргаанаас байгуулсан юм.


Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж буй боксын баг тамирчдыг танилцуулбал: Дасгалжуулагч Т.Ганзориг, тамирчин Э.Сүхбат /49 кг/, Т.Энхтөр /57 кг/, О.Тулга /63 кг/, Б.Алтантулга /52 кг/, Б.Жанаргуль /48 кг/, Б.Золжаргал /51 кг/ нар багтжээ.

 

Холбоотой мэдээ