Хямралыг яриа хэлэлцээгээр зохицуулахыг Молдавын улстөрчдөд уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-10 16:35:34

КИШИНЕВ. /TASS/. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг /ЕАБХАБ/ даргалж буй Словак улсын Гадаад харилцааны сайд Мирослав Лайчак Молдавын улстөрчдөд хандан “яриа хэлэлцээний замаар, Үндсэн хууль ба ардчиллын зарчмуудыг хүндэтгэх үндсэн дээр улс төрийн хямралыг даван туулах хэрэгтэй” гэж уриалжээ.


Тус байгууллага Молдав улсад дэгдсэн улс төрийн хямралыг сэтгэл түгшин ажиглаж буйг мэдэгдэлд дурдсан байна.


Энэ оны 2 дугаар сарын 24-нд болсон сонгуулийн дараачаас Молдавын парламент эрх баригч эвсэл ба засгийн газрыг бүрдүүлэхээр оролдсоор байгаа юм. 6 дугаар сарын 8-ны өдөр Ерөнхийлөгч Игорь Додон-ыг дэмжиж буй социалистууд Acum эвсэлтэй хамтран өмнөх парламент ба засгийн газрыг хянаж буй олигарх Владимир Плахотнюк тэргүүтэй Молдавын Ардчилсан намын эсрэг тэмцэхээр тохиролцжээ. Ингээд социалистуудын удирдагч Зинаида Гречаный парламентын даргаар сонгогдож, Ерөнхий сайд Майя Санду тэргүүтэй засгийн газар байгуулагдсан байна. М.Санду бол Acum эвсэлд багтдаг Үйл ажиллагаа, эв нэгдлийн намын дарга юм.


Харин Молдавын Ардчилсан нам Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ хандан “Социалистуудын нам ба Acum эвслийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж буй эсэх” талаар дүгнэлт хийхийг шаарджээ. ҮХЦ-ийн зүгээс “парламент нь хуульд заасан 90 хоногийн дотор засгийн газрын бүрэлдэхүүнийг баталж чадаагүй бөгөөд дээрх нам, эвслийн үйл ажиллагаа нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэж үзээд парламентыг тараах тухай зарлигт гарын үсэг эрхийг Ардчилсан намын гишүүн, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Павел Филип-т олгосон аж. Харин Ерөнхийлөгч И.Додон энэ шийдвэрийг “засгийн эрхийг хууль бусаар булаан авах гэсэн оролдлого” хэмээн үзсэн байна.

 

Холбоотой мэдээ