Тээврийн хэрэгслийн татвараа төлж дуусахад нэг хоног үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-31 10:58:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн хэрэгслийн албан татвараа төлөх хуулийн хугацаа дуусахад нэг хоног үлдлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг журамтай. Ингэхдээ мөн агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийн хураамжийг хамт төлөх юм.


Иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлөхдөө ойр байрлах татварын албанд хандах эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn , https://itax.mta.mn/home буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.



Хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.5.1 дэх заалтад тусгасны дагуу Агаар бохирдуулсны төлбөрөө төлөөгүй бол нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 20 нэгж, хуулийн этгээд ААН, байгууллагыг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хуулийн 11.19.14 дэх заалтын дагуу Автотээврийн хэрэгслийн албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй бол төлбөл зохих татварыг төлүүлж, татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.


Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүд нь дүүргүүдийн Татварын хэлтэс болон Автотээврийн үндэсний төв (Цирк болон “Таван ган” салбар, “Нисдэг машин” худалдааны төвийн дэргэдэх), Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд болон Техник, хяналтын үзлэгийн төвд өглөөний 08.30 цагаас орой 17.30 цаг хүртэл ажиллаж байна. 

Холбоотой мэдээ