Путин ЕАЭХ-ны дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НУР-СУЛТАН. /Kazinform/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны нийслэл Нур-Султан хотод эхэлж буй Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралд хүрэлцэн ирлээ. Оросын төрийн тэргүүнийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев угтан авчээ.
Энэ жилийн хурлыг Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭХ/ байгуулагдсаны таван жилийн ойд зориулан зохион байгуулж байна. Казахстаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Айбек Смадияровын мэдээлснээр, тус холбооны Дээд зөвлөлийн гишүүд таван жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, худалдаа, эдийн засаг, аж үйлдвэр, санхүү, нийгмийн бодлого зэрэг янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтыг тодорхойлно. ЕАЭХ-ны гишүүн улсуудын төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. Түүнчлэн 2019-2020 оны макро эдийн засгийн стратегийн үндсэн чиглэлүүд, худалдаа, үйлчилгээний зах зээлийг либералчлах, тоон эдийн засгийн салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн баримт бичгийг батлах ажээ. Үүнээс гадна, ЕАЭХ-ны олон улсын үйл ажиллагааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дээд хэмжээний уулзалтын дүнд цахилгаан эрчим хүчний нэгдсэн зах зээлийг бий болгохтой холбоотой асуудлыг зохицуулах зэрэг олон улсын хэд хэдэн гэрээнд, мөн ЕАЭХ-ны тухай Гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол болон ЕАЭХ-ны Гаалийн кодексын тухай гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.
ЕАЭХ нь ОХУ, Беларусь, Казахстан, Армен болон Киргиз улсыг өөртөө нэгтгэсэн олон улсын эдийн засгийн интеграцийн холбоо юм. Тус холбоо 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхэлжээ. 2018 оны тавдугаар сарын 14-нд ЕАЭХ-ны ажиглагчийн статусыг Молдав улсад олгосон байна. Тус холбооны удирдах байгууллага нь Евразийн эдийн засгийн дээд зөвлөл бөгөөд бүрэлдэхүүнд нь гишүүн улсуудын Ерөнхийлөгч нар ордог.