Биткойны ханш нэг хоногийн дотор 9.4 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-05-27 16:50:17

МОСКВА. /TASS/. Биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.4 хувиар өсөж, нэг нэгж нь 8750.24 ам.долларт хүрснийг  “Coinmarketcap” цахим хуудасны мэдээлэл харуулсан байна. Биткойны ханш өнгөрсөн жилийн тавдугаар сарын дунд үед ийм түвшинд хүрч өсөж байжээ.


Тус цахим хуудсанд гарсан мэдээллээс үзвэл, биткойны зах зээлийн үнэлгээ 155.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг криптовалютын ханш энэ сарын эхнээс хойш эрс өсөж эхэлсэн юм.


Биткойн нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой байна.


Анх 2008 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг анх гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Nakamotо-г бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна. Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг хэдийнэ “олборлочихсон” байгаа аж.


Холбоотой мэдээ