Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзаж, УИХ-ыг тарахыг уриалсан долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-25 18:34:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн, Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг АТГ-аар шалгуулах болсон, МАХН-ын бага чуулганаар Хэнтий аймагт болох УИХ-ын гишүүнийг нөхөх сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг уриалсан, ирэх таван жилд 150 мянган өрхийг орон сууцтай болгох шийдвэрийг Засгийн газар гаргасан, “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг шалгуулахаар болсон зэрэг нь ч олны анхаарлын төвд байлаа. Ингээд өнгөрч буй долоо хоногт Монголын Улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.


Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг уриалав



УИХ-ын чуулганы энэ сарын 23-ны ээлжит хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэхдээ УИХ-д хугацаанаасаа өмнө тарахыг уриалав.


Тэрбээр, “Өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд УИХ өөрөө тарахыг миний бие санал болгосон. Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд уг саналыг хүлээж аваагүй. Үүнээс хойш хагас жил орчим хугацаа өнгөрсөн ч УИХ-ын ажил дорвитой сайжирсангүй. Иймд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарахыг уриалж байна. УИХ байгуулагдсанаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн, хууль зөрчсөн үйлдэл гаргаж ирсэн. ЖДҮХС-гаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд авч, жирийн иргэдийн боломжийг булаалаа. Төрийн өндөр албан тушаалыг үнэлэх замаар мөнгө босгох санал гаргаж байсан, УИХ-ын гишүүд хүчингийн хэрэгт нэр холбогдсон зэрэг олон асуудал гарсан. УИХ-ын баталсан Татварын багц хуульл иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрхийг зөрчсөн олон заалт байсан. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ард олныг сайн сайханд дагуулах чадваргүй байна. Тиймээс улс төрийн эр зориг гарган УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг уриалж байна. Энэ нь Монгол төр өөрөө цэвэрлэгдэж чаддаг гэдгийг монголчуудад төдийгүй, олон улсад нотлон харуулах юм. Үүнийг ард олон дэмжих болно” гэсэн юм.


Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзав



УИХ-ын чуулганы энэ сарын 23-ны хуралдаанаар, Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзсан тул дээрх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр боллоо.


Хориг тавьсан гурван бүлэг 14 зүйл бүхий үндэслэлийг ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганд танилцуулав. Энэхүү хууль уул уурхайн компаниуд татвараас зайлсхийх боломж олгосон байна. Үүнээс гадна “Оюутолгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх бүх төрлийн төлбөр “хүүгийн орлоготой адилтгах” орлогод тооцогдож, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулиар ногдуулах 20 хувийн татвар нь 5 хувь болох бөгөөд энэ нь үүсэж болох ноцтой үр дагаврын нэг юм. Татварын ерөнхий хуульд татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар зохицуулсныг 4 жил болгосон нь ач холбогдол, үр дагаврын хувьд ойлгомжгүй, иргэд олон нийтэд хардлага төрүүлэхээр байна. Мөн Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн татвар ногдуулах хугацааг нарийвчлан зохицуулахыг дурдсан байна. Иймд Үндсэн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьжээ.


Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай оронд татвар төлөхгүй "зугатаад" байдаг.  Үүнээс хамгаалж олон улсын "Beps" байгууллагатай хамтарсан. Бид ийнхүү олон улсын татварын байгууллагатай хамтран үндэстэн дамнасан корпорациудаас татвараа бүрэн авахын тулд энэхүү хуулийн өөрчлөлтийг хийсэн. "Beps" олон улсын байгууллагын ажлын баг манай улсад ирж, томоохон корпорацийн татвар авахад хамтран ажиллана” хэмээн учирласан.


Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Эрдэнэт үйлдвэр 17 хувийн татвар төлдөг. Оюутолгой нь Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин их борлуулалттай боловч гурав дахин бага татвар төлөхөөр болсон байна" хэмээн шүүмжлэв. Ийнхүү санал хураахад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас гишүүдийн олонх татгалзлаа.


Дулааны аргаар мах боловсруулах хэмжээг жил бүр шинэчлэн тогтооно



Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах хэмжээг малын өсөлт, махны хангамжтай уялдуулан жил бүр шинэчлэн тогтоохоор шийдсэн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэв.


Энэ сарын эхний долоо хоногт махны үнэ огцом нэмэгдсэн. Энэ нь дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд “Хүчит шонхор” захаас их хэмжээний мах худалдан авсны улмаас хомсдол үүссэнтэй холбоотой гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцолсон юм. Дулааны аргаар мах боловсруулж, экспортод гаргах тухай Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколд үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ худалдан авах үүрэгтэй. Энэ үүргээ зөрчиж, иргэдийн мах худалдан авдаг захаас түүхий эдээ авч байгаагаас үүдэн экспортод гарч буй бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгааг мөн цохон тэмдэглэсэн. Түүнчлэн гадаадад мах гаргаж буй аж ахуйн нэгжүүд нийт экспортынхоо 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодод зах зээлийн үнээр борлуулах шаардлага тавьж байгаа аж. Мөн Засгийн газраас 2020 онд 15 мянган тонн мах нөөцлөхөөр тогтжээ.


Мөн тэрбээр, гурилын хангамжийн талаар товч мэдээлэл өгөв. Одоогоор гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд 100 мянган тонн гурил болон улаанбуудай байгаа аж. Энэ нь зургаан сарын хугацаанд дотоодын хэрэглээгээ 100 хувь хангах үзүүлэлт бөгөөд үнэ тогтвортой байна гэдгийг салбарын сайд дурдсан.


Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй компанийн жагсаалтыг АТГ-т хүргүүлнэ



Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргүүлэн төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байгаа талаар өнөөдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.


Засгийн газрын шийдвэрээр байгуулсан Хөгжлийн банкны ажлыг шалгасан ажлын баг дүгнэлтээ бүрэн гаргасан бөгөөд тус банкнаас их хэмжээний зээл аваад, эгүүлэн төлөөгүй байгаа аж ахуйн нэгжийн жагсаалт гаргажээ. Тухайлбал, “Хөтөл” компани 161.5  тэрбум төгрөг,  "Мон лаа" компани 5.6 тэрбум төгрөг, "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,  "МАХ Цемент"  компани 166.5 тэрбум төгрөг,  "Кью Эс Си" компани 187.6 тэрбум төгрөг, "Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг, "Эрэл" компани 99.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна. Хөгжлийн банкны тухай хуулиар тус банкны үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц болон эдийн засгийн том төслийг санхүүжүүлэх юм. Гэтэл арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд Хөгжлийн банк 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.


Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат болон бусад албан тушаалтан зарим зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн хардлага бий. Тодруулбал, "Кью Эс Си" болон "Хөтөл" нэг эзэнтэй байна. Энэ бүх асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна. Цаашдаа Хөгжлийн банк 20 тэрбум төгрөгөөс бага хэмжээтэй зээл олгохгүй байх ёстой гэсэн зохицуулалтыг хууль, дүрэм, журамд оруулах нь зөв" гэлээ.


Ирэх таван жилд 150 мянган айл орон сууцтай болно



Засгийн газрын ээлжит хуралдаанаар, “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг энэ оны хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгав.


Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай. Тиймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц, иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, нийтийн зориулалттай 3000 орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц барих аж. Түрээсийн 18 488 орон сууц барихаас гадна амины 10 мянган орон сууцыг инженерийн шугамд холбох ажлыг төлөвлөсөн байна.


Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Дээрх хөтөлбөр нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих зорилготой юм. Ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, байгаль орчинд ээлтэй, инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог гэр, амины болон нийтийн орон сууцны хороолол байгуулна.


Мөн байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн орон сууцыг дэмжиж, төрийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Тиймээс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах, нөхцөлийг нь сайжруулахад онцгой анхаарахаар боллоо.


Хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан  байна.


Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн



“Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016-2019 оны ажилд хийсэн шалгалтаар, 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн хохиролтой 39 зөрчил илэрчээ. Дээрх зөрчлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.


Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны ээлжит хуралдаанаар, тус үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан дээрх шалгалтыг хийх чиглэлийг Сангийн яаманд өгсөн юм. Сангийн яам, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк зэрэг байгууллага хамтран ажлын баг гаргаж шалгажээ.  Шалтгалтаар илэрсэн зөрчлөөс дурдвал, 2016 оны долоодугаар сард тус үйлдвэр Компанийн тухай хуулийг зөрчиж бүтцэд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Ерөнхий захирал нь нийгмийн асуудал хариуцах, тэргүүн дэд захирал нь хүний нөөцийн асуудал хариуцах, хууль, эрхзүйн газрын дарга нь үйлдвэрлэлийн бүх ажлыг хариуцдаг байхаар өөрчилсөн байна. Энэ нь тухайн компани хэвийн ажиллахад сөргөөр нөлөөлж байсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.


Тус үйлдвэр нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийхдээ урьдчилгаандаа хэт их буюу 103.6 тэрбум төгрөг төлсөн байна. Мөн Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн сарын 1-ний байдлаар, дээр дурдагдсан хоёр үйлдвэрээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай гэсэн дүн гарчээ. Тус үйлдвэр 64.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулсан эрүүл мэндийн үзлэг, оношилгооны орчин үеийн иж бүрэн эмнэлгээ “Медифакс” гэх хувийн компанид шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Үүнээс гадна 2016 оны 11 дүгээр сарын 3-нд 1.2 тонн зэсийн баяжмалыг “Монголын зэс” корпорацаар дамжуулан худалдах гэрээ байгуулсан. Ногдол ашгийг дээрх 49 хувь эзэмшсэн компани руу хоёр удаагийн гүйлгээгээр, 55.8 сая ам.долларын гүйлгээ хийжээ. Үүнийг сайн шалгах хэрэгтэй байна. Мөн шалгалтаар, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дөрвөн зөрчил илэрсэн. Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй зөрчил ч байна. Нийт байгуулсан нөөц 458 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч зардлаа нэмж татвар бага төлдөг” гэв.


Түүнчлэн худалдан авалтын 2236 гэрээ байгуулснаас 1432-ыг нь шууд хийсэн, “Стандарт банканд төлсөн 40 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлэх зэргийг сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдав.  Шалгалтын баг мөн "Монголросцветмет" компанийг шалгаж 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг тогтоожээ.

Холбоотой мэдээ