Их хаадын тухай романаа бурхны судар бүтээдэг аргаар бичжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2015-09-18 14:16:57

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд СГЗ, зохиолч Д.Жамьян 5 боть романаа Монголын уран зохиолын сан хөмрөгт өргөн барив.

Энэхүү номын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордонд боллоо. Утга зохиолын ертөнцөд Урианханы хөх чоно Дамдины Жамъян нэрээрээ танигдсан тэрбээр Монголын түүх, ялангуяа их хаадын түүх, эзэн Чингисийн алтан ургийн түүхийг олон жил судалжээ.  

Зохиолч “Чингис хааны мэнгэ”, “Өгөдэй хаан”, “Хубилай сэцэн хаан”, “Галдан бошигт хаан”, “Амбагай хаан” хэмээх романыг нэгэн баринтаг дор эмхэтгэсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, “Эдгээр романыг ардчилал эхэлснээс хойш буюу хүмүүс чөлөөтэй сэтгэж, бичдэг болсноос хойш бичиж олны хүртээл болгож байна. Зөн билгийн арга буюу бурхны судар ном бүтээдэг аргаар бичсэн. Монголын уран зохиолд энэ урсгал нэвтрээгүй. Тиймээс шинэ урсгал нээн, өөрийн хувь нэмрээ оруулж байна. Өөрийгөө шаналгаж, зовоож, хайрлаж, өрөвдөж бичсэн учраас олон хүний хүртээл болон, уншигчдын нүд, сэтгэл оюуныг нь баясгана гэдэгт найдаж байна. Цаашдаа амьдарч байгаа үе, хүмүүсийнхээ тухай бичин, нэн шинэ цагийн романы үндсийг тавих болно” гэв.

 Энэхүү номын нээлтэд зохиолчийн уран бүтээлийн анд нөхөд, Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг оролцов.

Тэрбээр 1985 онд анхны номоо “Уулын хөх манан” нэртэйгээр хэвлүүлснээс хойш “Шинельтэй хүмүүс”, “Хулан хатан”, “Чорос” зэрэг 18 роман, гурван тууж, 40 гаруй өгүүллэг, таван кино зохиол туурвиж, уншигч олноо өргөн барьжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд