Согтуугаар жолоо барьсан 87 жолоочид хуулийн хариуцлага оноожээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-05-20 18:32:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 426 дуудлага хүлээн авснаас, зам тээврийн ослын шинжтэй 282 зөрчлийг шалгажээ. 


Орон нутаг, тэр дундаа нийт нутгийн зүүн урд хэсгээр цас их хэмжээгээр орсноос шөнөдөө мөстөж хальтиргаа гулгаа үүссэн. Тиймээс нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн алба хаагчид 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна. 


Ослын улмаас нийслэлд 10 хүн бэртэж, орон нутагт нэг хүний амь хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, энэ сарын 18-ны 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг, 18 дугаар хороо, Бэлхийн замд "T.Ist" загварын автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, гурван настай хүүхэд гэмтсэн. Мөн өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг, тавдугаар хороо, Баянхошууны замд "T.Prius" загварын тээврийн хэрэгсэл айлын хашаа, гэр мөргөж, 20 настай жолооч эмэгтэй, гэрт байсан хоёр хүн бэртжээ. 

 Хан-Уул дүүргийн Их монгол гудамжинд "N.Murano" загварын тээврийн хэрэгсэл энэ сарын 19-ний 22 цагийн орчимд дөрвөн настай хүүхэд мөргөж гэмтээсэн байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутагт энэ сарын 17-ны 23 цагийн орчимд засмал замд "T.Ist" загварын тээврийн хэрэгсэл 58 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.


Замын цагдаа нар согтуу 87 жолоочийг илрүүлж, хуулийн хариуцлага оноосон байна. 

Холбоотой мэдээ