ОУХМ Б.Мөнхзаяа таван жил дараалан түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-05-18 17:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил зургаа дахь жилдээ амжилттай боллоо. Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчин зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.


Тус уралдааныг  Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор 2014 оноос хойш зохион байгуулж байна.


Энэ жилийн хувьд, хагас марафонд мэргэжлийн гүйлтийн тамирчид оролцохоос гадна иргэд гүйгчдэд зориулсан эрүүл мэнд, гэр бүлийн гүйлтийн ангиллыг нэмж оруулснаараа онцлог болжээ.


Тус уралдааны бүтэн марафоны төрөлд Хөнгөн атлетикийн ОУХМ, Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүллээ. Тэрбээр, “Энэ уралдаанд 2015 оноос хойш дараалан таван удаа түрүүлж байгаадаа баяртай байна. МҮИС-ийн болон Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамт олондоо маш их баярлалаа. Дараагийн тэмцээн ДАШТ хүлээж байгаа. Монголчууддаа өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг уриалж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцав


Дашрамд сонирхуулахад, энэхүү марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд  дотоод, гадаадын 16 мянга гаруй хүн оролцож байсан бол өнгөрсөн жил 30 мянга гаруй хүн оролцсон байдаг. Тэр дундаа сүүлийн жилүүдэд олон улсад танигдсан нэртэй тамирчид ирж, оролцож байгаа нь “Улаанбаатар марафон”-ы нэр хүнд олон улсад өсөж буйг харуулж байна.


Холбоотой мэдээ