Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-15 17:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, ХХААХҮЯ, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг  Мишээл экспо төвд  энэ сарын 16-19-нд зохион байгуулна.


Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140.000 аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид байдаг аж. Эдгээрийн дийлэнх олонх буюу 84 хувь нь 10 хүртэлх тооны ажиллагсадтай гэсэн судалгаа гарчээ.

Жижиг, дунд,бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, Нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ, ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, БНБуриад Улс, БНТува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй ААН, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглээний барааны 11 компани, Балба улсын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй ААН оролцох юм.

2019 оныг Засгийн газраас “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан тул хаана, ямар онцлогтой, ямар ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд танилцуулж, мэдүүлэх нь чухал учраас энэхүү үзэсгэлэн худалдаа үр дүнгээ өгнө гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. 


МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Энэ жилийн үзэсгэлэн том талбай шаардлагагүй буюу бие дааж лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, үнэ төлбөргүй тусгай цэг ажиллуулж байгаагаараа онцлогтой.  Үүнийг жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд хийж байна” гэв.


Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын “Бизнес Контакт ХХК”-ийн “Ворота в Азию-2019” олон улсын үзэсгэлэнгийн 30 дахь удаагийн нээлтийг хамтатган зохион байгуулах юм. Мөн ОХУ-ын Краснодар, Ростов хотуудаас ирсэн бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болох аж.

Холбоотой мэдээ