Нийгмийн тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн хүчийг ашиглах нь чухал болохыг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-09 16:52:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргын ивээл дор ээлжит чуулганаа хуралдууллаа.

“Илүү сайхан ирээдүйн төлөө” уриатай тус чуулганд аймгийн 60 мянга гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 100 эмэгтэй оролцож, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлууд түүний дотор гэр бүл, хүүхэд, залуучуудын ёс зүйн асуудлыг хөндөн ярилцаж, хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд хэрхэн нэгдэж ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Чуулганд урилгаар оролцсон МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлэхдээ “Сэтгэл санаа болоод биеийн хүчирхийлэлд өртөж буй охид, хөвгүүд, эмэгтэйчүүдээ хамгаалах, тэдний дуу хоолой нь болох, мөн ирээдүйд хүчирхийлэгч биш иргэн, ээж аавыг бэлдэхэд ээжүүд, эмэгтэйчүүд гар сэтгэл нийлэн ажиллах хэрэгтэй байна” хэмээн онцолж, монгол дархлааг бий болгохын төлөө эмэгтэй хүн бүр манлайлан оролцохыг уриалсан юм.

Нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, ихэнх салбарыг эмэгтэйчүүд удирдах болон учраас нийгмийн тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн хүчийг ашиглах нь чухал болохыг зөвлөгөөнд оролцогчид хэлж байв.

 


Холбоотой мэдээ